Netflix “To entertain the world”
1997 оны үед кино түрээслэдэг DVD прокат байсан гарааны бизнес одоо дэлхий даяар нийт 193 сая хэрэглэгчтэй видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч та бидний сайн мэдэх Netflix-ийн амжилтын түүхийн зарим хэсгээс сонирхуулж байна.
Гайхалтай оригинал цувралууд, киноны арвин сантай Netflix-ыг мэдэхгүй хүн байхгүй бөгөөд үндэслэгч нь ахлах сургуульд математик заадаг байсан Рийд Хастингс энэхүү санаагаа 37 нас хүртлээ олоогүй байсан гэдэг. Тэрээр Станфордод суралцаж, компьютерийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан төдийгүй 1991 онд өөрийн Pure Software компанийг үүсгэн байгуулж 6 жилийн дараа компаниа 750 сая доллараар зарсан нь Цахиурын Хөндийн түүхэнд тухайн үед хамгийн өндөр үнэлгээгээр зарагдсан компанид тооцогдож байлаа. Түүний дараагаар DVD-ийг түрээсэлж аваад оройтуулсныхаа төлөө торгууль төлдөггүй, сараар нь төлбөрөө хийчихвэл ашигтай бас хэдэн ч кино дуртай үедээ авч үзэж болох санааг бодож олсон нь Blockbuster, Hollywood Video зэрэг киноны салбарын томчуулыг унагаж, телевиз болоод кино түрээслэгчдийн бизнесийг нэгэнт өөрчилсөн үйлчилгээ бүхий Netflix-ийг Марк Рандольфтой хамтран үүсгэн байгуулжээ. Netflix-ийг анх Kibble гэж нэрлэж байсан бөгөөд 1998 онд нийт 30 гаруй ажилтантай 925 киноны сонголттой нэг кино долоо хоног түрээслэхэд 4 доллар, хүргэлт нь 2 доллар. Гэсэн хэдий ч ашиг орлого багатай байсан тул 1999 онд нэгэн франц хөрөнгө оруулагчаас 30 сая долларын хөрөнгө оруулалт татсан нь одоогийн бизнес модел руугаа шилжихэд нэлээд дөхөм болсон юм. 2020 оны байдлаар Рийд Хастингс нь 5.3 тэрбум долларын хөрөнгөтэй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед маш олон байгууллага, үйлчилгээний газрууд, бизнесүүд алдагдал хүлээсэн ч Netflix-ийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Хөл хорио тавигдаад эхний гурван долоо хоногт л гэхэд 16 сая шинэ хэрэглэгч нэмэгдсэн бөгөөд 2021 он гэхэд 200 сая идэвхитэй хэрэглэгчтэй болно хэмээн тооцоолж байгаа юм байна. Цар тахлын улмаас телевизийн болон кино бүтээлүүд түр зогсолт авсантай холбоотой Netflix хэрэглэгчдээ улам татахын тулд шинэ сонирхолтой контент дээр багагүй хөрөнгө заран анхаарлаа хандуулж байгаа. Netflix-д маш олон кино байдгаас гадна зөвхөн Netflix-ээс үзэж болох өөрийнх нь оригинал контент болон чанартай баримтат кинонууд нь урдаа барьдаг том контентуудад тооцогддог. Бас нэгэн сонирхолтой мэдээ нь Tesla машин эзэмшдэг хүмүүс маань машиндаа Netflix шууд үзэж болох бөгөөд зөвхөн машин хөдлөөгүй зогсоол дээр жолоодооүй үед боломжтой юм байна.